“Харшлийн эсрэг хамтдаа” уриан дор “Шарилжгүй Улаанбаатар-3” аян наймдугаар сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ. Аяны зохион байгуултад хорооны хэсгийн ахлагч нарыг ажиллуулж байна. УБЗАА-тай хамтардаг хог хаягдал, ногоон байгууламжийн чиглэлээр ажилладаг зургаан төрийн бус байгууллага хороо, дүүргийн цэвэрлэгээний ажилд хяналт тавьж ажиллах бол ААН, байгууллагын цэвэрлэгээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын байцаагч нар хяналт тавьж ажиллана. Монголын улаан загалмайн нийгэмлэг шарилж түүх ажилд идэвхитэй оролцож байгаа иргэдийн бүлэг, хэсгийн ахлагч нарыг урамшуулах юм.
Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Харшлийн лабораторийн эрхлэгч Б.Сангидорж “Сүүлийн жилүүдэд олон төрлийн харшлийн шинж чанартай өвчлөл ихэсч байна. Тэр дундаа улирлын чанартай тохиолдох ургамлын тоосны харшил өвчин их байна. Нийт хүн амын 2-3 хувь нь ургамлын тоосны харшилтай гэж бидний судалгаанд гарч байна. Хот суурин газрын орчны борхирдол, байгаль, экологийн доройтол, цөлжилт бий болсон зэрэгтэй холбоотойгоор шарилжийн тоосны харшил хүн бүрийн анхаарлыг татаж байна. Шарилжийн төрлийн ургамалууд цэцэглэж агаарт их хэмжээний тоосжилт үүсгэснээс болоод харшлын төрлийн өвчин үүсч байна” хэмээлээ.