“Эмпати ертөнц” компанийн боловсрол хариуцсан дэд захирал, Турк улсын иргэн Вейсел Акчайд хүч хэрэглэн хулгайлсан хэрэг энэ сарын 27-нд гарсан. Түүнийг хэн, ямар зорилгоор хулгайлсныг Эрүүгийн цагдаагийн албаныхан шалгаж буй. ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч М.Мөнхшүр “Хохирогчоос мэдүүлэг авсан. Шалгалт үргэлжилж байна. Хэрхэн, ямар зорилгоор түүнийг хулгайлсныг тогтоохоор ажиллаж байгаа. Урьдаас төлөвлөсөн хэрэг байж болзошгүй нөхцөл, байдал илэрсэн тул Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасагт шалгаж байна” гэжээ.
Вейсел Акчай хулгайлагдах үедээ биедээ ямар нэгэн гэмтэл авсан, эсэхийг нягтлуулахаар шүүх эмнэлэгт хандсан үеэр түүний гэргий Мэрием Акчайн өгсөн ярилцлага Bold media нэрээр цахим орчинд олон нийтэд хүрсэн.
Тэрбээр “Нөхрийг минь хулгайлж байгаа бичлэгийг сайн санаатай хүмүүс авчирч үзүүлсэн. Монголчуудыг яв гэсэн цагт л бид эндээс явна. Бусад улсаас турк багш нарыг баривчлахыг хараад ийм зүйл тохиолдож болзошгүй гээд Монголд үлдсэн. Бидэнд монголчууд тусална гэдгийг мэдэж байсан. Яагаад гэвэл бид эртнээс бие биенээ мэднэ шүү дээ” гэж ярьжээ. Ярилцлагын доор ихэвчлэн сөрөг хандлагатай сэтгэгдэл бичсэн байжээ.
Дашрамд дурдахад, Туркт амьдарч буй монгол залуугаас энд болсон үйл явдлын талаар тэндхийн хэвлэл мэдээлэл юу гэж дуугарсныг тодруулахад “Энэ үйл явдал мэдээллийн олон сувгаар гараагүй. “Монголын Засгийн газар Туркийн үндэсний тагнуулын хийсэн үйл ажиллагаанд саад учрууллаа” гэж cumhuriyet.com-д мэдээлжээ. Мөн sozcu.com-д “Монголын талын тусламжтайгаар баривчилгаа явагдлаа” гэсэн байна гэв.