Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хэвлэл мэдээллийн ажилтнуудын эрх зөрчигдөж байгаа талаар Mongol News мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Ажил үүргээ гүйцэтгэж буй сэтгүүлчдийг төрийн болон орон нутгийн эрх бүхий байгууллагын үйл ажиллагааг сурвалжилсны улмаас мөрдөн хавчих, хүч далайлган зөрчлийн хуулиар торгох нь хэвийн үзэгдэл болж байгаа талаар тэд мэдэгдсэн юм.
Сэтгүүлчдийн хяналтын зөвлөлийн дарга Б.Цоожчулуунцэцэг гаргасан мэдэгдэлээ танилцуулахдаа: Сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломж хумигдсаар байгаа тул эрх ашгийг нь хамгаалах, цаашилбал Монгол улсын хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах үүднээс Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл сэтгүүлчийн хувийн болон мэргэжлийн эрхэнд халдсан бусармаг үйлдэл бүхэнтэй хатуу тэмцэхээ илэрхийлж дараах мэдэгдэл шаардлагыг хүргүүлж байна.
Үүнд:
- Хавдар судлалын үндэсний төвд болсон сурвалжлагын үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр үүрэгт ажлаа хийгээд явж буй сэтгүүлчдийн үйл ажиллагаанд саад учруулж улмаар UBS телевизийн зураглаачийн биед нь халдан танхайрсан явдалд МСНЭ-ээс харамсаж байна. Энэхүү үйлдэлдээ Т.Гантөмөрийг зураглаач, сэтгүүлчдээс уучлалт гуйхыг шаардаж байна.
- Монгол-Туркийн хамтарсан сургуулийн дэд захирал Вейсил Ачкайг өнгөрсөн баасан гарагт хулгайлсан гэх үйлдэл, үйл явдлыг газар дээрээс нь сурвалжилж ажлаа хийснийх нь төлөө "Ийгл Ньюс" телевизийн сэтгүүлч Б.Батцэцэгийн биед хуулийн ажилтан халдаж, санаатайгаар зодож танхайрсан үйлдэл гарчээ. Тус хуулийн ажилтныг олж тогтоон, зохих хуулийн хариуцлага хүлээлгэх, сэтгүүлч Б.Батцэцэгээс уучлалт гуйлгуулах шаардлагыг Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлж байна.
Дээрх шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд МСНЭ нь Монгол Улсын Үндсэн хууль, Хэвлэлийн эрх чөлөөний хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах тухай хууль ба бусад хууль тогтоомжийн дагуу нэр бүхий албан тушаалтан, хуулийн байгууллагын ажилтнуудтай хуулийн дагуу хариуцлага тооцох дараагийн шатны арга хэмжээг авч ажиллах болно.