Монгол, Туркийн хамтарсан сургуулийн захирал Вейсел Акчайг хулгайлахыг оролдсон гэх дуулиан олны анхаарлын төвд байсаар. Энэ үйл явдалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, ЭЦА-ны Зохион байгуулалттай гэмт хэрэгт тэмцэх болон өөр нэг хэлтэстэй хамтран шалгаж байгаа юм. Тэд уг хэрэгт холбогдуулж, Улаанбаатар дахь Туркийн ЭСЯ-нд ажилладаг гурван монгол иргэнийг шалгаж эхэлснийг хууль сахиулах байгууллагын хэд хэдэн эх сурвалж баталлаа.
Гэхдээ тэднийг цагдан хориогүй, хилээр гарахыг хориглосон гэнэ. Тэднээс гадна тагнуулын байгууллагын нэг бус хүнийг ЭЦА-ныхан шалгаж болзошгүй тухай мэдээлэл бидэнд ирсэн юм. Эх сурвалжуудын энэ мэдээлэл үнэн бол цагдаагийнхан тагнуулын ажилтнуудыг шалгаж, тагнуулынхан ЭЦА-ны хоёр алба хаагчийг сэтгүүлчдийг тагнаж чагнасан гэх хэрэгт буруутган байцаах нь.
Вейсел Акчайг саатуулах ажиллагаа эртнээс төлөвлөгдөж, Туркийн талаас тусгай онгоц илгээсэн, ийм баривчилгаа болж болзошгүйг хохирогчийн талынхан ажиг, сэжиг авсан байх магадлал өндөр гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Тиймдээ ч онгоцоор авч явахаас өмнө хүний эрхийг хамгаалдаг байгууллагынхан олон нийтийн сүлжээнд тавьж, хүмүүсийн анхааралд өртүүлсэн нь гарцаагүй гэх хүн цөөнгүй бий.
Вейсел Акчайн хувьд манай улсын хууль тогтоомжийг зөрчиж байгаагүй, албадан гаргах ямар нэг үйлдэл хийгээгүй төдийгүй оршин суух зөвшөөрлийн хугацаа нь 2019 оны аравдугаар сард дуусах юм билээ. Хамгийн сүүлд 2017 оны тавдугаар сард хилээр гарч, орсон, Монголд Турк улсын иргэд суурьшиж эхэлсэн үеэс л амьдарсан нэгэн. Түүнийг баривчлах шалтгаан тус улсын тагнуулын байгууллагынханд л байсан нь гарцаагүй.
Яагаад гэвэл FETO байгууллага Монголд ихээхэн оролцоотой байгаа хэмээн Туркийн ГХЯ-ны төлөөлөгч мэдэгдээд буй. Харин тэр FETO нь олон улсад боловсролын байгууллагын халхавчаар үйл ажиллагаа явуулдаг гэж Туркийн тал үздэг. Тиймдээ ч Монголоос Вейсел Акчайг саатуулах ажиллагаа явуулсан нь бүтэлгүйтэж, Туркийн тусгай албаныханд үйлчилсэн байж болзошгүй үндэслэлээр манай иргэд цагдаагийнханд шалгуулах болоод байна.