Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга тусгай зөвшөөрөлгүй, байгаль орчныг хамгаалах баримт бичиггүй компаниудтай нөхөн сэргээлт нэрийн доор алт олборлож, мөнгө авч байгаа талаар нутгийн оршин суугчид буюу “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Алт олборлож байгаагаас болоод байгаль орчинд тэр дундаа Байдраг голын эхийг ноцтой бохирдуулж байгаа гэнэ.
Байдрагийн гол нь Баянхонгор аймгийн Жаргалант сумаас эх авч тус аймгийн Заг, Бөмбөгөр, Бууцагаан, Баацагаан сумдын нутгаар дайран нийт 300-аад километр урсаж Бөөнцагаан нуурт цутгадаг томоохон гол юм.
"Байдраг нутаг усаа хамгаалъя" ТББ-ын тэргүүн А.Энхтөр хэлэхдээ "Би жирийн нэг малчин хүн. Сүү орчих вий гэж нандигнан хайрладаг Байдраг голд минь шавар шавхайгаа хольж байгаад гомдож байна. Үүнээс болж таван сумын иргэдийн эрх, ашгийг ноцтой хохироож байна. Сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн сэргээлт нэрийн дор олборлолт хийж буй "Агь хаарвист" ХХК болон байгаль орчныг хамгаалах баримт бичиггүй олборлолт хийж буй "Оргил моунт"ХХК-ийн үйл ажиллагааг нь зогсоох акт тавьж, шаардлага өгсөн боловч зогсоож дийлэхгүй байна" гэв.