Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, талбай, автобусны буудал дээр зөвшөөрөлгүй ТҮЦ байршуулах, ил задгай худалдаа эрхлэж байгаа асуудлаар бүх нийтээс санал асуулга авахаар боллоо.
Нийслэлийн дүүргүүдэд энэ сарын 15-ны дотор хэлэлцүүлгийг зохион байгуулж, дүүрэг бүр нутаг дэвсгэрийн онцлогтоо таарсан саналуудыг нэгтгэж ирүүлэхийг үүрэг болгоод байна. Саналаа урьдчилан ирүүлсэн хувь хүн, хуулийн этгээдийн хүрээнд Нийслэлийн иргэний танхимд нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулах юм байна. Хэлэлцүүлэгт худалдаа эрхлэгчдээс гадна хууль хяналт, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэд хэрэглэгчдийн төлөөллийг оролцуулж, гаргасан саналыг нэгтгэн төсөлдөө тусгах юм.
Энэ асуудлаар хэрэглэгчид буюу нийт нийслэлчүүдийн саналыг авах зорилгоор олон нийтийн дунд www.ulaanbaatar.mn болон www.zaluu.com хаягаар цахим санал асуулга явуулж , нэгдсэн хуралдаан дээр танилцуулах юм. Мөн нийслэлийн үйлчилгээний нэгдсөн төвийн Дүнжингарав, Драгон, Оргил салбаруудад иргэдийн саналыг бичгээр хүлээн авч байна. / Журмын төслийг http://www.citycouncil.mn/Home/newsdetail?dataID=2963 хаягнаас харна уу/