Төрийн тахилгат Алтан дарь овооны тэнгэрийг тайх тахилгын ёслол долдугаар сарын 27, 28-нд болж өндөрлөсөн. Монголчуудын уул, овоо тахих өнө эртний уламжлал нь шүтэн бишрэх, эрхэмлэн хүндэтгэх гүн утга агуулгатай ч яваандаа энэ зан үйл буруу тийш халтирч, мухар сүсэг, хоосон хийрхэл, хэт их хөөрөгдөл рүү хөтөлсөн учраас Монгол даяар алдартай Дарьгангын Алтан овооны тахилгыг эртний уламжлалаар нь хийе гэдэг санааг “Өнөөдөр” сонин дэвшүүлэн бичсэн билээ.
Гэвч төрийн тахилга хэт нүсэр болдгоороо болж, олон мянган хүн, машины хөлд талхлагдсан халцгай тал өдгөө чимээгүй мэгшиж байна. Тахилгын идээ ундааны үлдэгдэл нь өтөж, үнэр орсон, эсэн бусын хогонд дарагдсан Алтан овооны ганжир цаанаа л хийморьгүй гудайж буй дүр зургийг олон нийтийн сүлжээнээс үзэв.
Уул овооны тахилгын зан үйлийн утга учир, уламжлал, дэг жаягийн тухай олон нийтэд зөв ойлголт өгөхийн тулд “Алтан овооны тахилга” номоо ёслолын өмнөхөн нь хэвлүүлж, ард иргэдэд үнэгүй тараасан соёл судлаач Д.Индра энэ тухай халаглажээ.
“Сүсэгтэн олон эмх замбараагүй байдал үүсгэдэг тул энэ жил Алтан дарь овооны тэнгэрийг тайх ёслолыг оройд нь бус, бэлд нь хийнэ, тахилга дууссаны дараа Ерөнхийлөгч тэргүүтэй төр, засгийн болон орон нутгийн түшмэд, лам хуврагууд овоон дээр гарч, идээ шүүсний дээж өргөнө” хэмээн зохион байгуулагчид хэлж байсан.
Гэвч зөвхөн төр, засгийн түшээд, орон нутгийн удирдлага, эсвэл лам хуврагууд л оройд нь гарна гээд байсан цог хийморийн овоон дээр архины шил, ундааны сав, ууттай чихрийн цаас, сүүний хайрцаг, ууцны сүүл, зассан тавгийн идээ хүртэл тэр чигтээ үлдэж хоцорсон байх юм. Энэ “хог”-ийг өнөөх эрх мэдэл бүхий мундаг хүмүүс нь үлдээсэн үү, эсвэл монгол хүний мухар сүсгээр тахилга дууссаны дараа ч хамаагүй овоо руу гарч, хувийн идээ ундаагаараа өргөл барих гэсэн энгийн ард тарьсан уу гэдгийг эндээс таашгүй.
Аль нь ч байлаа гэсэн энэ бол мухар сүсэг, хоосон хийрхэлд автсан монголчуудын ухамсаргүй, сэтгэлгүй, амин хувиа хичээсэн арчаагүй үйлдлийн илэрхийлэл. Буян заяагаа уул овоонд даатгах гэж тахилгад авч очсон архины шилээ, сүүний саваа, чихрийн цаасаа ядаж торонд хийгээд явчих сэтгэлгүй сүсэгтнүүд, ёслолоос хойш өнөөг хүртэл орчин тойрныг нь цэвэрлэчих ухаан сийлэхгүй байгаа зохион байгуулагчид, нутгийн ард иргэдийг яалтай билээ.