“Сурагчийн дүрэмт хувцасны үнэ энэ жил нэмэгдээгүй. Мөн илүү сайн чанарын даавуугаар хийж байгаа” гэж үйлдвэрлэгчид ярилаа. Тухайлбал, “Өүлэн менч” компани өмнөх жилүүдэд БНСУ-аас материалаа авдаг байсан бол энэ жил Японд хийлгэжээ.
Мөн “Бүтээлч үйлс”, “Шилмэл загвар”, “Бат зүү” компани дүрэмт хувцасны материалыг стандартын дагуу 40 хувь нь ноос, 60 хувь нийлгээр үйлдвэрлэжээ. Харин сурах бичгийн хувьд 24 төрлийн номыг шинэчлэх гэнэ. Энэ талаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.
-Дүрэмт хувцасны үнийг энэ жил нэмэх үү?
-Одоогоор долоон компани сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэж байгаа. Үйлдвэрлэгчид энэ жил үнэ нэмэх талаар албан ёсоор мэдэгдээгүй. Тиймээс хуучин үнээр нь худалдана. Бидний зүгээс орон нутагт дүрэмт хувцас худалдан борлуулах нэг цэгийн үйлчилгээг нэмэгдүүлэхэд голлон анхаарч байна.
-Хэддүгээр ангийн сурах бичгийг шинэчлэх вэ?
-Ерөнхий боловсролын сургуульд нийт 186 төрлийн сурах бичиг ашиглаж байгаа. Дунд, ахлах ангийн болон хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын 24, X-XII ангийн сонгон судлах 14 хичээлийн багшийн номыг энэ онд шинээр зохиож, хэвлэн, нийлүүлнэ. Казах хэл, уран зохиол болон тува хэлний сурах бичиг үүнд багтсан.
-Шинээр зохиож буй сурах бичгийг есдүгээр сарын 1-нээс өмнө хэвлэж амжих уу?
-Сурах бичгийг зохиох ажил өнгөрсөн тавдугаар сарын 15-наас эхэлсэн, одоогоор 40-60 хувийн гүйцэтгэлтэй. 24 төрлийн сурах бичгийг нийт 284 390, X-XII ангийн сонгон судлах 14 хичээлийн багшийн номыг 24 500 ширхэг хэвлэнэ. Хэвлэн, нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг наймдугаар сарын 17-нд нээх юм.
-Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд 10.8 мянган сурагч сурдаг. Бүгдэд нь сурах бичиг хүрэлцэх үү?
-I-V ангийн сурагчдын сурах бичгийг төрөөс 100 хувь үнэ төлбөргүй олгож байгаа. Орон нутгийн сургуулиуд сурагчийн тоогоо хавар гаргаад, сурах бичгийн захиалгаа илгээдэг. Дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувьд үнэ төлбөргүй олгоно. Энэ 40 хувьд багтах хүүхдүүдийг тухайн сургууль тодорхойлно. Үлдсэн 60 хувь нь сурах бичгээ худалдаж авна. Хуудасны тооноос шалтгаалан нэг номыг 2500-5000 төгрөгөөр зарах юм.