Энэ жил хур бороо элбэг, ургац сайн, шинэ ногоо худалдаанд гарсан ч үнэ нь төдийлөн буурахгүй байна. Иргэд өргөнөөр үйлчлүүлдэг томоохон захуудад шинэ ургацын ногооны үнэ ханш ямар байгааг сонирхлоо. Өнгөрсөн сард “Бөмбөгөр” худалдааны төвд төмс 2000, лууван 2800 төгрөгийн үнэтэй байв.
Харин энэ сард төмс 1500, лууван 2000-2500 төгрөг болж бага зэрэг хямдарчээ. “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна ил задгай худалддаг ногооны үнэ үүнээс 300-500 төгрөгөөр бага байна. “Худалдааны төвийн түрээсийн төлбөр “шингэдэг”-ээс дотор зарж байгаагийнх нь үнэ нэмэгддэг” гэж худалдагчид нь хэлсэн юм.
“Бөмбөгөр”-т ногооны үнэ бага зэрэг хямдарсан ч зарим газарт төдийлөн буураагүй, өнгөрсөн сарынхаас өөрчлөгдөөгүй байв. Тухайлбал, “Барс” захад төмс 1200-1500, лууван 1500, байцай 1000-1500 төгрөгийн үнэтэй. Өргөст хэмх 3000-4500, улаан лооль 4500 төгрөгийн ханштай байгаа нь өнгөрсөн сарынхаас өөрчлөгдөөгүй дүн юм.
Мөн Монголд тарьж ургуулсан цэцэгт байцай урд хөршөөс оруулж ирснээс 1000 төгрөгөөр илүү үнэтэй байна. Уг ногоог тарьж ургуулахад арчилгаа их шаарддаг учраас үнэ нь ийм зөрүүтэй байдаг гэж “Барс” захын худалдагч ярилаа. Ногооны үнэ яагаад хямдрахгүй байгааг лавлахад худалдаачид “Шинэ ургацын ногоо дөнгөж л гарч байна. Одоохондоо тийм ч элбэг биш” хэмээв.
“Барс” захын замын эсрэг талын Замчдын хоёрдугаар гудамжны урд иргэд гар дээрээс ногоо зарж эхэлсэн. Сэлэнгээс авчирсан төмс, лууван 900-1000 төгрөгийн ханштай байв. Төв аймгийн Цээл сумаас ирсэн иргэн Д.Цогтбаяр “Гадуур ил зарж байгаа ногоо хямд, эрүүл учраас иргэд ихээр худалдаж авдаг. Даанч бид зөвшөөрөлгүйн улмаас 50 000-150 000 төгрөгөөр торгуулах тохиолдол цөөнгүй. Гар дээрээс ногоо зардаг худалдаачдад зөвшөөрөл олговол иргэд шинэ ургацын ногоо хямд үнээр авах боломжтой” гэлээ.