Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн дагуу 2017 онд нийслэлд Залуучуудын хөгжлийг дэмжих төв байгуулсан. Олон улсын хамтын ажиллагааны КОЙКА байгууллагын санхүүжилт, дэмжлэгээр тус байгууллагын дэргэд мэдээллийн технологийн “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төв нээжээ.
Монгол залуусыг олон улсын мэдээллийн технологийн салбарт ажиллах боломж бүрдүүлэх зорилгоор уг ажлыг санаачилсан байна. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очироос зарим зүйлийг тодрууллаа.
-Мэдээллийн технологийн сургалтын төв ямар үйл ажиллагаа явуулах вэ?
-Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төвийн дэргэд Мэдээллийн технологийн сургалтын, Бизнес инкубатор, Залуучуудын сонирхлыг дэмжих хобби клуб, Залуучуудын сайн дурын төв бий. Бид КОЙКА байгууллагад хамтран ажиллах санал тавьсны дагуу 2017 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан юм.
Үүний хүрээнд Мэдээллийн технологийн сургалтын төв нээж, 2021 он хүртэл хамтран ажиллах болсон. Бид залуусыг мэдээллийн технологийн салбарт богино хугацаанд мэргэшүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх зорилготой. Ингэснээр Монголын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд олон улсын түвшинд өрсөлдөх боломж бүрдэнэ.
Мэдээллийн технологийн сургалтын төв 76 компьютер, дөрвөн сургалтын танхим, Бизнес инкубатор төвөөс бүрддэг. Уг нь нийт 2638 залуу суралцах хүсэлтээ өгч, бүртгүүлсэн ч сургалтын орчны хүчин чадал, хүртээмжээс хамааран бүгдийг нь хамруулж чадаагүй. 1890-ийг нь сургаж, 611 нь амжилттай төгссөн.
-Хэдэн төрлийн сургалт явуулдаг вэ?
-Компьютерын үндсэн программуудаас гадна вэб хөгжүүлэгч, вэб дизайн, өгөгдлийн сангийн мэргэжилтэн, системийн зохицуулагч бэлтгэх зэрэг нарийн мэргэжлийн найман төрлийн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж буй. Дадлага давамгайлсан сургалт явуулдаг.
-Төгссөн залуус энэ чиглэлээрээ ажиллаж, орлогоо нэмэгдүүлж байгаа юу?
-“А” үнэлгээтэй төгссөн залуус Бизнес инкубатор төвд шууд элсэх боломжтой. Тус төвд элссэн залууст сард 440 000 төгрөгийн тэтгэлгийг КОЙКА-гаас олгодог. Одоогоор 20 хүн тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан. Мөн гадаад, дотоодын байгууллагуудыг мэдээллийн технологийн боловсон хүчнээр хангах чиглэлээр 45 залууг ажилд зуучилсан. MKIT төв нь гадаадын аж ахуйн нэгж, байгууллагуудаас захиалга авч, залууст ажил олгож буй.