2018 оны 8 дугаар сарын 9-ний орой буюу өчигдөр Зам Тээврийн Хөгжлийн Яамны байранд хүн амины хэрэг гарсантай холбогдуулан ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр "Өчигдөр буюу наймдугаар сарын 9-ний оройн 21 цаг 45 минутад СБД-ийн 1 дүгээр хороонд байрлалтай Зам Тээврийн Хөгжлийн Яамны байрны гадаа хүн нас барлаа гэх дуудлага ирсэн. Үүний дагуу СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалтыг хийж ажиллалаа.
ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-н амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар хэрэг бүртгэл нээсэн. Хэргийн талаар албан тушаалаа булаацалдаж маргалдсан гэх ташаа мэдээлэл тарж байна. Энд албан тушаалын маргаан байхгүй. Г, М нар хоорондын хувийн таарамжгүй харилцаанаас болсон. Архидан согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шинжилгээний явцад мэдэх боломжтой. Талийгаач Г-н үхлийн шалтгааныг Шүүх эмнэлгийн шинжилгээний дүнгээр эцэслэн тогтоох болно" гэв.