Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын галт тэрэг хүчтэй үерийн улмаас замаасаа гарсан осол өнөөдөр өглөө гарлаа. “УБТЗ” ХНН-ээс өгсөн мэдээллээр уг галт тэргэнд 328 зорчигч сууж явжээ. Зорчигчдын биеийн байдлын талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Т.Амаржаргалаас тодрууллаа. Дорноговь аймгийн Айраг сумын ЭМТ-ийн гурван эмч, нэг сувилагч, нэг жолооч өглөө 06:40 цагт , Даланжаргалан сумын ЭМТ-ийн дөрвөн эмч, нэг сувилагч, нэг үйлчлэгч, нэг жолооч өглөө 06:30 цагт ослын газарт очсон. Үерийн улмаас машины замын эвдрэл ихтэй байсан. Хоёр сумын ЭМТ-ийн баг нийт 84 хүнд үзлэг хийжээ. Эхний байдлаар Айраг сумын ЭМТ-д 11 хүн /зөөлөн эдийн гэмтэлтэй-8, зүүн хөлийн шилбэний хугаралтай-1, 34-35 недельтэй жирэмсэн нэг, нурууны гэмтэлтэй нэг, үүнээс гурван хүүхэд, найман насанд хүрсэн хүнийг тээвэрлэжээ. Бусад хүний биеийн байдал гайгүй байна. Галт тэргэнд 300 гаруй хүн зорчиж явсан. ЭМЯ-ны ажлын хэсгийнхэн эмнэлгийн тусламж, техник арга зүй, мэдээллээр ханган ажиллаж байна" гэлээ.
Харин осолдсон вагоныг засахаар Улаанбаатар төмөр замаас сэргээн босголтын кранаа ашигласан ч дийлэхгүй байгаа тул ОХУ-аас нэмэлт хүч дууджээ. Осолдсон илчит тэрэгний нийт жин 150 орчим тонн байжээ.