Дорноговь аймгийн Айраг суманд наймдугаар сарын 12-ны өдрийн 02:00-19:15 цагийн хооронд орсон борооны улмаас хонхор газарт их хэмжээний ус тогтож, найман айлын гэр усанд автжээ.
Газар дээр очиход 10 айлын гэрийн тооно л уснаас цухуйхаар үерт автсан байжээ. ОБЕГ 20 гаруй айлыг нүүлгэн шилжүүлсэн байна.
Үерийн улмаас Хэнтий аймгийн Хэрлэн сумаас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын чиглэлд суудлын автомашинтай зорчиж явсан иргэн Э (37 настай, эмэгтэй), Н (50 настай, эмэгтэй) нар усанд урссан бөгөөд цогцсыг голын уснаас гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Иргэд, олон нийтэд дараах сэрэмжлүүлгийг ЦЕГ-аас хүргэж байна.
1. Хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулж, гол, нуурын орчимд тоглуулахгүй байх;
2. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол, усанд орохгүй байх;
3. Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байх;
4. Голын гуу жалга, үерийн ус бууж болзошгүй орчимд гэр, майхан зэргийг барихгүй байх;
5. Хүүхдийг ганцааранг нь малд удаан хугацаанд явуулахгүй байх;
6. Орон нутгийн замууд үерийн улмаас эвдрэл гэмтэл ихсэж байгааг анхаарч хөдөлгөөний хурдыг тохируулж зорчихыг сэрэмжлүүлж байна.
УСАНД ЖИВЖ, АМИА АЛДСАН ИРГЭДИЙН 90 ХУВЬ НЬ АРХИДАН СОГТУУРСАН ҮЕДЭЭ ГОЛЫН УСАНД ОРЖ АМИА АЛДДАГ НЬ СУДАЛГААГААР ТОГТООГДЖЭЭ.