Youtube сайтад судалгаа, шинжилгээний суваг ажиллуулдаг Блэйк, Бретт Кузенс нар Google Earth программыг ашиглан судалгаа хийж байхдаа нэгэн үл мэдэгдэх байгууламжийг олжээ. Тус байгууламж Монгол, Хятадын хилийн ойролцоох Говь нутагт байрлаж байгаа гэнэ. Тэдний үзэж байгаагаар энэ нь цэргийн нууц байгууламж байх бөгөөд урьд өмнө ямар нэгэн зориулалтаар ашиглагдаж байгаагүй бололтой. Ах дүү Кузенсийг хамгийн гайхшруулж буй зүйл бол байгууламж геометрийн дүрс бүхий хэлбэрээр бүтээгдсэн байдал. Тиймээс Говь нутагт сансрын ямар нэгэн нууц хөтөлбөр боловсруулж байсан байж ч болох хэмээн тэд үзэж байна. “Энэ хавийн газрыг Google-ээр харахад ямар ч тэмдэг тэмдэглэгээ, нэр ус байхгүй байна лээ. Говьд сансрын ямар нэгэн нууц хөтөлбөр боловсруулж байсан болох тухай мэдээллийг бид анх оллоо” хэмээн Блэйк ярьж байна.