
Эрүүл мэндийн яамны байран дээр албаныхан шинэ коронавирусийн халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "Манай улсаас 120 км газрын зайтай оршдог БНХАУ-ын Халиут хэмээх газарт шинэ коронавирусийн хоёр сэжигтэй тохиолдол илэрсэн. Тус газар хэдийгээр манай улсын газар нутаг биш ч, аль аль талдаа өндөр сонор сэрэмжтэй байх хэрэгтэй байна. Мөн Эрээн хот маань бас онц байдалд шилжин ажиллаж байгаа нь биднийг бэлэн байдлаа нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна" гэв.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Одоогийн байдлаар ХӨСҮТ дээр хянагдаж буй Уханиас ирсэн оюутнууд болон нэмэгдэж ирсэн хүмүүсээс шинжилгээ авч, зөвлөгөө өгөөд гаргаж байгаа. Бид хүч сулруулахгүй ажиллах үед ирчихээд байна. Монгол хүний хууль гурав хоног хэрэгждэг биш илүү хариуцлагатай байж, анхаарлаа сулруулахгүй байх нь одоогийн байдлаар чухал байна. Мөн цагаан сарыг тэмдэглэхгүй гэх шийдвэр хурдан гарвал бидэнд хэрэгтэй байна. Хятад цагаан сараа хийсэн нь алдаа болсон гэдгийг бас хүлээн зөвшөөрөөд байгаа” гэв.
Хоёрдугаар сарын 10-ны 08:00 цагийн байдлаар дэлхийн 25 улсад шинэ коронавирусийн 4,550 тохиодол бүртгэгджээ. Мөн одоогийн байдлаар нийт 910 нас баралт бүртгэгдээд байна. Сэжигтэй тохиолдол болон халдвар авсан байж болзошгүй эрсдэлтэй хүмүүс ихсэж байна гэж ДЭМБ мэдээллээ.