
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "Олон улсад шинэ коронавирусийн тархалт хурдацтай нэмэгдэж байна. Нэг хүн 5-6 хүнд халдвар тарааж байгаа нь тогтоогдсон байна. Халдвартай иргэн нууц үеийнхээ хугацаанд халдвар ихээр тарааж байна.
Дэлхийн хэмжээнд амны хаалтын хомсдол үүсч байна. Сингапур, Өмнөд Солонгос улсад амны хаалт нөөцлөх, дамлаж зарсан хүмүүст хариуцлага хүлээлгэж байна. Иймд иргэдийг өөрсдийн боломжоороо амны хаалт худалдаж авах, бүр боломжгүй бол гар аргаар хийхийг уриалж байна" хэмээлээ.
Засгийн газар цэргийн хувцасны үйлдвэрүүдэд амны хаалт үйлдвэрлэх чиглэл өгсөн байна. Мөн энэ долоо хоногт 3,000 оношлуур нэмж ирэх юм байна.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: Өмнөх туршлагуудаас харахад вирусийн тархалт 2-4 сар үргэлжилж байсан. Шинэ коронавирусийн эмчилгээний тухайд өвөрмөц эмчилгээ байхгүй, эмнэлзүйн эмчилгээнүүдийг хийсээр байгаа. Тухайлбал, амьсгал дэмжих, хүчилтөрөгч өгөх гэх мэт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа.