
Сүүлийн өдрүүдэд насны хишиг, одонгийн мөнгөө авах гэсэн ахмадууд өглөөнөөс орой болтол арилжааны банкны үүдэнд урт оочер дараалал үүсгэн зогсох болжээ. Гэтэл олон улсад шинэ коронавирус халдвар дэгдсэнтэй холбоотойгоор эрх баригчид иргэдийг нэг газарт олноор цуглахгүй байхыг анхааруулсаар буй.
Ахмадууд банкны үүдэнд 2-3 цаг, зарим нь өглөөнөөс орой болтол оочерлож байна хэмээн ярьж байна. Учир нь тэдний дийлэнх нь АТМ болон бусад цахим гүйлгээг ашиглаж мэддэггүй учраас ийнхүү оочерлож байгаагаа тайлбарлаж байв. Харин зарим нь данснаас илүү бэлэн мөнгөөр авах сонирхолтой байдгаа илэрхийлж байсан юм.
Тэгвэл энэхүү асуудлаар Төрийн банкнаас тодруулахад, "Банкны зүгээс ачааллыг бууруулахын тулд халамжийн мөнгийг дансаар холбох ажлыг хийж байгаа. Тухайн иргэн хүсэлтээ гаргавал халамжийн мөнгийг өөрийнх нь данстай холбох боломжтой. Банканд урт дараалал үүсч байгаа шалтгаан нь ахмадууд данс ашиглаж мэддэггүйгээс гадна мөнгөө бэлнээр нь авах сонирхолтой байна. Тэдний ихэнх нь данс ашиглаж, картаар мөнгө авахаас түвэгшээдэг. Энэ нь ахмадууд өөрсдийн биеэрээ ирж бэлэн мөнгөө авах сонирхолтой байдагтай холбоотой байх” гэсэн юм.
"Ахмадуудад мэдээлэл бага хүрдэг, үр хүүхдүүд нь орчин үеийн цахим технологийн талаар заавар зөвлөгөө огт өгдөггүйгээс үүдэн ийнхүү оочер дараалал үүсдэг" хэмээн банкныхан үзэж байгаа юм.

Ташрамд дурдахад, "И-баримт" аппликэйшн ашиглан нийгмийн халамжийн дөрвөн төрлийн үйлчилгээ авах боломжтой юм байна. Тухайлбал, насны хишиг, одонгийн тэтгэмж, жирэмсний тэтгэмж, цалинтай ээжийн мөнгө зэргийг тус аппликэйшнээр дамжуулан бүртгэлтэй дансаа холбож, тэтгэмжийн мөнгөө боломжтой аж.