
Өчигдөр приус 20 маркийн автомашинтай гурван иргэн үерийн усанд урссан бичлэг цахим орчинд цацагдсан. Дүрст бичлэгт тэдний амь насанд юу тохиолдсон нь тодорхойгүй байв. Тэгвэл тэдгээр иргэдийг үерийн уснаас эсэн мэнд гаргасан болохыг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас ОБЕГ-т ирсэн хоногийн тайлан:
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн “Шивээ гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 89 км-т, сумын төвөөс баруун зүгт 15 км-т/ Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн О-ийн “Приус 20” загварын суудлын автомашин /3 зорчигч/ үерт урссан тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 20:13 цагт хүлээн авсан. Тус сумын Цагдаагийн хэсгийнхэн очиж, тус автомашинд зорчиж явсан иргэн Н/63 настай, эмэгтэй, эгэм хугарсан/, Э/30 настай, эмэгтэй/, М /5 настай, эмэгтэй/ нарыг голоос гаргаж сумын сум дундын эмнэлгийн их эмч П.Отгонжаргалд хүлээлгэн өгсөн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын алба хаагчид мөн өдрийн 22:20 цагт очиж, усанд живсэн автомашиныг 6 метр өндөр далангаас татаж гаргасан.