
Өчигдөр Архангай аймгийн Цагаан даваанд шатахуун тээвэрлэж явсан автомашин уруудах замдаа онхолдож замын хажуу руу унан шатаж байна гэсэн дуудлага 15:49 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу хурандаа Д.Эрдэнэбаатараар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан 15:58 цагт очиход “Норд Бенз” загварын том оврын автомашин, 4 автомашин, 1 мотоцикл шатаж байжээ. Онцгой байдлынхан 32 минут ажиллаж гал түймрийг бүрэн унтраасан байна.
Харамсалтай нь тус гал түймэрт 50 настай эмэгтэй Г, 6 настай охин Х нарын хоёр хүн өртөж нас баржээ. Түлэгдэж гэмтсэн 16 иргэнийг Их тамир сумын эмнэлэг болон аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэн эмчилж байна. Тэднийг Улаанбаатар хот руу хүргэхээр ЗХЖШ-ын нисдэг тэрэг Улаанбаатар хотоос 04:25 цагт хөөрч, 07:15 цагт Архангай аймагт газардсан байна.
Дээрх шатахуун тээвэрлэх автомашин нь “Тэргүүн Эрдэнэ” ХХК-ийн өмч бөгөөд Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд 35,970 литр бензин тээвэрлэн явж байжээ.