
Нийслэлийн Байгаль орчны газар болон Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Нийслэлийн байгаль орчны тасгийн дарга Н.Цэнгэл “Баяр наадмын өдрүүдэд Нийслэлийн байгаль орчны газраас нийт 33 алба хаагч, 9 улсын байцаагч, байгаль хамгаалагч нар эргүүл шалгалтын үүрэг гүйцэтгэж ажиллалаа. Шалгалтаар үер усны аман дээр буусан 64 айл өрхөд албан шаардлага хүргүүлсэн. Мөн Нийслэлийн ногоон бүсэд гарсан 1093 иргэнд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч ажилласан.
Мөн баяр наадмын өдрүүдэд Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нийтдээ таван зэрлэг амьтны дуудлага ирсэн. Амралт зугаалгаар явж буй иргэд байгалийн зэрлэг амьтдын үр төлийг олсон тохиолдолд авахгүй байхыг анхааруулж байна. Учир нь зэрлэг амьтдын үр төлийн орчин солигдох, хоол тэжээл таарахгүй нөхцөлөөс үүдэн эндэх тохиолдол олон гарч байгаа учир тэдгээр амьтдыг байгалиас нь гаргахгүй байхыг анхааруулж байна” гэлээ.
НМХГ-ын дарга Б.Батшагай: 13 дугаар зуун цогцолбор болон Хүй долоон худагт зөвшөөрөлгүй хуушуурны худалдаа эрхэлж байсан 19 иргэний зөрчлийг илрүүлж торгосон. Мөн Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны нэгэн байранд хийн гааз дэлбэрч хоёр хүн түлэгдсэн хэрэг гарсан” гэв.