Дотоодын жуулчлалыг идэвхжүүлж, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Хустайн байгалийн цогцолборт газрынхан бямба гараг бүр танин мэдэхүйн аялал зохион байгуулж буй. Мэргэжлийн судлаач, байгаль хамгаалагчид хөтөч хийдэг энэ аялалд хамрагдах иргэдийн тоо олширсон учир тус газрынхан хөтөлбөрөө баяжуулж, өв соёлын арга хэмжээ тогтмол зохион байгуулахаар төлөвлөсний эхнийх нь энэ сарын 12-нд болов. Тодруулбал, Хустайн нуруунд бямба гараг бүр явган аялал, харин нямд монгол ахуйн өдөрлөгтэй. Нүүдэлчин соёл, уламжлалыг сурталчлах зорилготой өдөрлөгийн хамгийн эхнийхэд нь хамрагдсан нэгэн иргэн “Гэр бүл, найз нөхөдтэйгөө өдрийн турш хамт байж, уламжлалт ахуйтайгаа танилцах сайхан боломжийг бүрдүүлжээ. Морь унах, шагай, нум сум харвах, морь уралдуулах гэх мэт сонирхолтой арга хэмжээ биднийг ер уйдаасангүй. Сулхирын болон борцтой цай, хөхүүрийн айраг, хуйхтай хорхог, шорлог, хуушуур гээд үндэсний брэнд хоол, цайгаар аялагчдыг дайлж байна” хэмээн нүүр номдоо бичжээ. Хустайн цогцолборт газрынхан Төв аймгийн Алтанбулаг сумын Баянсонгинот бүлэг (аялал жуулчлал эрхлэгч 10 өрхийн нэгдэл)-т “Хонины найр” арга хэмжээг энэ сарын 25-нд дөрөв дэх жилдээ зохион байгуулах аж.