
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах “ЗӨСҮТ өнгөрсөн хугацаанд 268 удаагийн дуудлага болон тусгай үүргийн онгоцоор ирсэн 14,847 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлж, халдваргүйжүүлэлт хийлээ.
Тухайлбал, баяр наадмын үеэр таван удаагийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 775 зорчигч, нисэх багийн 36 ажилтан, 1,529 ачаа болон бусад ачаа тээшинд халдваргүйжүүлэлт хийсэн. Мөн таван агаарын хөлөг, 39 тээврийн хэрэгсэл, гадна талбайд халдваргүйжүүлэлт хийж халдвар тархахаас урьдчилан сэргийлж ажилласан. Түүнчлэн 231 хүний сорьцод давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Үүнээс гадна коронавирусийн хажуугаар тарваган тахлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг болон Төв аймгийн Зуун модод тарвага хууль бусаар агнасан, тээвэрлэсэн зургаан дуудлага гарлаа.
Тарваган тахлын бүртгэгдсэн тохиолдлуудын хувьд Ховд аймагт гарсан хоёр тохиолдлын биеийн байдал дунд зэрэг байна. Мөн тарваган тахлын халдвар авсан байж болзошгүй сэжигтэй тохиолдлоор нас барсан хүүхдийн ойрын хавьтлын 18 хүнийг тусгаарлаж, урьдчилан сэргийлэх эмчилгээ хийж байна“ гэв.