
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд хурдан морины уралдаанд зургаан насны нийт 310 хурдан морьд, давхардсан тоогоор 84 унаач хүүхэд уралджээ.
Уралдааны үеэр есөн хүүхэд мориноосоо унасан хэдий ч бэртэж гэмтээгүй байна. Зарим хүүхдүүдийн хувьд уралдааны явцад өөрсдөө мориноосоо буусан тохиолдол гарсан аж.
Баяр наадмын өдрүүдэд Хүй долоон худагт байрлаж уяач болон уралдаанч хүүхдүүдийн эцэг эх асран хамгаалагч нарт унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих стандарт шаардлагыг тавьж ажиллажээ. Мөн хурдан морины уралдааны дүрмийн талаарх материалыг тараан зөвлөгөө өгч, стандартын хэрэгжилтийг салбар байгууллагуудад хангуулан ажилласан хэмээн Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.