
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн Ковид-19 халдвартай холбоотой судалгаа шинжилгээний ажлуудаас танилцууллаа.
Тэрбээр “Дэлхий дахинд Ковид-19 халдвартай холбоотой судалгаа, шинжилгээний ажил эрчимтэй хийгдэж байна. Зарим судалгаанаас танилцуулахад, Индонез Улсын эрдэмтэд коронавирусийн халдвартай цусны даралт ихтэй өвчтөнүүдэд судалгаа хийжээ. Нийт 6560 өвчтөнд дүн шинжилгээ хийхэд цусны даралт ихтэй өвчтөнүүд бусад өвчтөнүүдээс биеийн байдал хүндрэх магадлал өндөр гэж үзжээ.
Харин Хятадын эрдэмтдийн судалгаагаар коронавирус халдвар авсан өвчтөнүүдийн 17 хувьд нь нойр булчирхайн хөнгөн хэлбэрийн гэмтэл илэрсэн байна. Мөн Итали Улсын эрдэмтдийн судалгаагаар өвчтөнүүдийн 8,5 хувьд нь нойр булчирхайн өөрчлөлт илэрчээ. Үүнээс эрдэмтэд коронавируст халдвар нь нойр булчирхайг үүсгэх магадлалтай гэж үзэж байгаа бөгөөд цааш үргэлжлүүлэн судлахаар болжээ.
Мөн Испани Улсын эрдэмтэд коронавирус халдварын үед иргэдийн хүнсний хэрэглээ хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар судалгаа хийжээ. Судалгаагаар паста гоймон болон хүнсний ногооны худалдан авалт ихэсчээ. Мөн самар, бяслаг, шоколад зэрэг бүтээгдэхүүнүүд орсон байна. Харин загас болон далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүдийн худалдан авалт эрс багассан байна” гэв.