
Өнөөдөр Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс тарваган тахалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах “Сүүлийн үед тарваган тахлаар амь насаа алдах тохиолдол их гарах болов. Тиймээс бид энэ асуудлыг анхааралдаа авах цаг болжээ.
Өчигдөр Ховд аймгийн Үенч сум, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд тарваганы мах идсэн гэх өгүүлэмжтэй хүмүүс тусгаарлалтад орсон. Хэдийгээр сэжигтэй тохиолдлуудаас тарваган тахал илрээгүй ч иргэд тарвага агнах, тарваганы мах тээвэрлэх зөрчил их байгаа" гэв.
Одоогоор энэ өвчнөөс сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийж байгаа хүмүүст тахлаас сэргийлэх вакциныг хийж байна. Мөн иргэдэд сэрэмжлүүлэх зорилгоор сургалт судалгааны ажлуудыг зохион байгуулж байна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Н.Мэндсайхан хэллээ. Иймд тарвагыг агнахгүй байх, урхи хавх тавьж, нохойгоор бариулахгүй байхыг ЗӨСҮТ-ээс анхаарууллаа.