
Тарваган тахлаас сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар Цагдаагийн ахлах байцаагч Д.Оюунчимэг мэдээлэл өглөө.
Тэрбээр “Цагдаагийн байгууллагаас холбогдох хууль, дүрэм журамд нийцүүлэн нийслэлийн нутаг дэвсгэрт тарваган тахал зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэн, таслан зогсоох арга хэмжээг авч ажиллаж байна.
Тодруулбал, Эмээлт, Өлзийт, Морингийн давааны шалган нэвтрүүлэх цэгүүдэд хяналт шалгалт явуулж байна. Мөн Өвөр гүнт болон Хонхор дахь шалган нэвтрүүлэх товчоо болон хяналтын цэгүүдэд 24 цагаар мэргэжлийн бусад байгууллагуудтай хамтран хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна" гэв.
Хяналт шалгалтын явцад тээврийн хэрэгсэл болон машины ачаа тээшинд нойтон тарвага илэрсэн зөрчлийн тоо мэдээг танилцууллаа. Тухайлбал, энэ сард нэг удаагийн үйлдлээр таван нойтон тарвага товчоогоор нэвтрүүлэхийг завджээ. Үүнээс өмнө буюу 4-6 дугаар сард Эмээлт дэх хяналтын цэгээр хоёр удаагийн үйлдлээр гурван нойтон тарвага нэвтрүүлэхийг завдсан юм.
Иймд тарвагыг агнахгүй байх, урхи хавх тавьж, нохойгоор бариулахгүй байхыг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.