
Манай улсын зарим сумдад тарваган тахал өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тарваганы мах хэрэглэх, тээвэрлэхгүй байхыг мэргэжлийн байгууллагууд анхааруулж буй. Мөн суурьшлын бүсэд тарвага үхсэн, амьтанд бариулсан байдалтай харагдвал нэн даруй байгаль хамгаалагчид мэдэгдэхийг Нийслэлийн Байгаль орчны газраас анхааруулж байна.
Тарваган тахал нь шууд хавьтал, дам халдвар, агаар дусал, хоол хүнс зэргээр хүнд халдварладаг.
Шууд хавьтлын зам нь өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх, тахалаар өвчилсөн өвчтөнийг сувилах үед хамгаалах хэрэгсэл өмсгөлгүйгээр харьцсаны улмаас арьсны болон булчирхайн хэлбэрийн тахлаар өвчилдөг аж.
Харин дам хэлбэрийн зам нь мэрэгч амьтдын бөөс, бүүрэг, үет хөлтөнд хазуулах зэрэг тохиолдлуудаар халдварладаг байна. Мөн мах махан бүтээгдэхүүнийг дутуу боловсруулан хэрэглэх явцад халдварладаг хэмээн НБОГ-аас мэдээллээ.