
Долоодугаар сарын 20-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд болон Туул гол Лүн сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэж, Сэлэнгэ мөрөн олон жилийн дундаж түвшинг 20-120 см, Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 15 см орчим даван хүчтэй үерлэж байна.
Мөн Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн голын эх, Увс нуурын савын Хархираа, Түргэн, Хариг, Алтай нуруунаас эхтэй Ховд зэрэг голууд үерийн түвшинг 10-25 см давсан хэвээр байна. Маргааш буюу 7 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ мөрний дунд болон адгаар усны түвшин 5-25 см нэмэгдэнэ.
Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ. Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.