Засгийн газрын шийдвэрээр ОХУ-ын өмчлөлд байсан найман байрыг Монгол Улсын өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлэн авч эзэмшигчдэд нь хувьчлах тогтоол баталсан билээ. Хувьчлах ажлыг Төрийн бодлого зохицуулалтын газраас ажлын хэсэг гарган явуулж байгаа аж.
Энэ хүрээнд өнөөдөр МУИС-ийн багш ажилтнуудад орон сууц эзэмших эрхийн бичгийг гардуулан өглөө. Нийт 60 айлын орон сууцыг 60 багш ажилчдад хуваарилан олголоо.
Энэ үеэр Бодлого, төлөвлөлт удирдлагийн хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ “ОХУ-ын өмчлөлд байсан орон сууцнуудыг түрээслэн оршин сууж буй МУИС-ийн ахмад багш ажилтнууд өнөөдөр Монгол Улсын орон сууц, хувьчлалийн хуулийн дагуу орон сууцаа бүрэн өмчлөх эрхтэй боллоо. Эдгээр иргэд Нийслэлийн орон сууц хувьчлалын товчоонд хандан үл хөдлөхийн гэрчилгээгээ авах бүрэн боломжтой” гэв.
Мөн эрхийн бичиг гардуулах үеэр МУИС-д Философийн багшаар ажиллаж байсан Г.Цэрэн “Би орон сууцандаа 30 жил амьдарсны эцэст өнөөдөр эзэмших эрхтэй боллоо. Энэ ажлыг зохион байгуулсан Засгийн газар болон Төрийн бодлого зохицуулалтын хамт олон талархаж байна” гэлээ.
