
2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг төрийн албан тасалгааны өрөөнд согтууруулах ундаа хэрэглэж буй бичлэг цахим орчинд тархаж багагүй шуугиан дэгдээсэн. Тэрбээр бичлэгийн үеэр “Архи, тамхи, секс гурав бол хүний амьдралд байх ёстой бүх юм” гэж хэлээд өөрийн санаачилсан Тамхины хяналтын тухай хуулиа сонгуульд зориулсан шоу байсан гэж ярьсан юм. Тус бичлэгийг "Иргэдийн шударга шүүх" төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт олж аваад цахим орчинд байршуулсан байдаг. Ингэхдээ Л.Эрдэнэчимэгийг дарамталж, 50 сая төгрөг авсан нь тогтоогджээ.
Тэгвэл дөрвөн жилийн хугацаанд маргаан дагуулсан дээрх хэргийг өнгөрсөн баасан гарагт шийдвэрлэжээ. Тодруулбал, Л.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Түүнийг бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 15 сая 360 мянган төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.