
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа Дэлхийн улс орнуудын коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэв.
Тэрбээр “АНУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд 54,400 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, Бразил Улсад шинээр 48,800 гаруй халдвар батлагджээ. Харин өчигдөр БНЭУ-д арай бага буюу 47,700 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
АНУ-ын мужуудад баар цэнгээний газруудыг хааж, заавал амны хаалт зүүж хэрэгжүүлэх болсноос хойш тархалт бага зэрэг буурч байгаа гэсэн мэдээллийг өглөө.
Мөн тус улсад энэ онд хийгдэх томуугийн вакциныг одооноос нийлүүлж эхэлсэн байна.Үүнтэй холбогдуулан энэ жил улирлын томуу болон коронавирусний халдвар зэрэгцэж тархахаар байна. Тиймээс хоёр төрлийн халдвар авсан хүмүүс илүү хүндрэх магадлалтай тул иргэдийг энэ жилийн томуугийн вакцинд заавал хамрагдахыг тус улсын өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс мэдээлжээ.
Мөн Номхон далайн баруун бүсийн улс орнуудын тархалтын мэдээллийг танилцуулахад Япон Улсад өчигдөр 598 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол БНСУ-д шинээр 48 тохиолдол батлагджээ. Мөн БНХАУ-д өчигдөр хамгийн их буюу 101 тохиолдол нэмэгдсэн байна. Харин Хон Конг хотод мягмар гарагт 106 шинэ тохиолдол бүртгэгдлээ” гэв.