
Булганаймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн нутаг сумын төвөөс хойш 45 км-т орших Айрхан нуур гэдэг газар тус аймгийн харьяат 36 настай, эрэгтэй Ч 7-р сарын 28-нд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мотоциклтой гэрээсээ гараад сураггүй болжээ.
Тус аймгийн Цагдаагийн газраас энэ дуудлагын дагуу хамтран ажиллах хүсэлтийг 29-ний өдрийн 16.28 цагт тавьсан байна.
Хутаг-Өндөр сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 09.00 цагийн орчимд Айрхан нуурын эргээс 2 метрийн зайнаас мотоциклыг олжээ.
Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, нуураар 300 метр урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22.30 цагт түр зогсоосон. Долоодугаар сарын 30-ны өдрийн 06.30 цагт иргэн Ч-гийн цогцсыг Айрхан нуурын эргээс 200 метрийн зайд нуурын мандалд хөвж байсныг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.