
Сүүлийн жилүүдэд хүүхдийн шүд, амны хөндийн өвчлөлийн тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан ЭМЯ-наас улсын хэмжээнд “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн даатгалын газартай гэрээ байгуулсан хувийн хэвшлийн 167 эмнэлэг болон алслагдсан сумдын 18 эмнэлэг хүүхдүүдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа ажээ.
Тус хөтөлбөр нь нийт 725 мянган хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлэх зорилготой юм. Өнөөдрийн байдлаар 02-12 насны 129 мянга 400 гаруй хүүхэд хамрагджээ.
Өнгөрсөн жил “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөрт нийт 93 мянган хүүхэд хамрагдсан бөгөөд энэ ажилд 6,2 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин энэ жилийн хувьд 10 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.
Ташрамд дурдахад, хүүхдийн шүдний цооролт нь чих, хамар, хоолой болон эрүү, нүүрний үрэвсэл өвчний шалтгаан болдог. Түүнчлэн хүүхдийг суурь өвчин, амьсгалын замын өвчлөлд хүргэдэг байна.