
ЭМЯ-наас өдөр бүрийн 11:00 цагийн ээлжит мэдээллээ хүргэлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны наймдугаар сарын 08-ний өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын, Дархан-Уул аймгийн салбар, нийтдээ 592 хүний сорьцоос шинжилгээ авахад бүгдийнх нь сорьцод коронавирус илрээгүй. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийг дэлгэрэнгүй танилцуулъя.
-2020 оны долдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 265 зорчигчийн давтан шинжилгээ
-2020 оны наймдугаар сарын 8-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 259 хүний давтан шинжилгээ
-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүний давтан шинжилгээ,
-Ажиглан тусгаарлах байранд ажиллаж буй 23 эмч ажилтны шинжилгээ,
-Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 6 хүний шинжилгээ
-Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй байна.
Өнөөдрийн байдлаар халдвартын клиникээс 3 хүн эдгэрч, эмнэлгээс гарч сувилал руу шилжиж байна. Эдгээр хүмүүсийн нэг нь тээврийн жолооч, хоёр нь энхийг сахиулагч байна. Монголд батлагдсан тохиолдол 293, эдгэрсэн хүн 263, сувиллын ажиглалтад байгаа 47, гэрийн ажиглалтад 23, ажиглалт , тандалтын хугацаа дууссан 193 хүн байна. ХӨСҮТ-ийн клиникт 30 хүн эмчлүүлж байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл 29 хүн хөнгөн, 1 хүнийн биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮТ-д 56 хүн ажиглалт, тандалтад байна. Тусгаарлалтад байгаа нэг хүний биеийн байдал хүнд хэвээрээ эрчимт эмчилгээний тасагт байна" хэмээлээ.