
Түрээсийн орон сууцанд хамрагдах батламжаа авсан асрамж халамжийн төвийн хүүхдүүд орон сууцандаа орлоо.
Хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн төвөөс 18 нас хүрч, бие даан амьдралд хөл тавьж байгаа залуучуудыг дэмжих зорилгоор “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”-тай хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан.
Энэ үеэр “Өнөр бүл” төвөөс Л.Төрболд, “Манай гэр” асрамж халамжийн төвөөс Н.Батдорж нарт түрээсийн орон сууцанд хамрагдах батламжийг гардуулсан талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэгвэл тус асрамжын газрын хүүхдүүд өнөөдөр орон сууцандаа нүүн орлоо.
“Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-иас тэдэнд СБД-ийн 11-р хороонд байрлах нийслэлийн түрээсийн орон сууцанд тус бүр 37 м/кв бүхий нэг өрөө байрны түлхүүр гардуулан, Л.Төрболдыг орон сууцны ашиглалтын албанд ажилтанаар авч байгаа бол Н.Батдоржийг Нийслэлийн Онцгой байдлын газраас ажилд авсан талаар эх сурвалж мэдээлэв.