Жилээс жилд элэгдэж, муудсаар хэзээ мөдгүй нурж унахад бэлэн болсон, бүх давхрын хана, тагт нь хөгцөрч, мөөгөнцөртсөн, ширүүхэн бороо орох бүрт айлууд нь сандралддаг зовлонтой нэгэн байрны оршин суугчид бидэнд хандсан юм. Тэд “Энэ асуудлаар шат шатны байгууллагад хандсан ч нэмэр болоогүй. Байр минь хэзээ нурж унах бол гэсэн айдас, түгшүүр дунд өдөр хоногийг өнгөрүүлж байна. Бодит байдлыг сурвалжилж өгөөч” хэмээн хүссэний дагуу өнгөрсөн мягмар гарагт очив.
Баянзүрх дүүргийн XXV хороо, “Сандэй плаза” төвийн эсрэг талд байх 145 дугаар байр буюу 21 айлын нийтийн орон сууцыг “Ургац өгөөж” компани барьж, 2003 онд ашиглалтад оруулжээ. Талбайн хэмжээнээс хамаараад айлууд нь 18-21 сая төгрөгөөр байраа худалдан авсан аж. Тус сууц ашиглалтад ороод удалгүй зарим айлын таазаар борооны ус нэвчиж, цуурч, обой нь хууларч, хана нь энд тэндээ халцарч, мөөгөнцөртсөнийг иргэд хэлэв. Харин өдгөө бүх байр нь ийм болжээ. “Ургац өгөөж” компанид энэ асуудлаар удаа дараа хандсан ч “Бидний хариуцах хугацаа дууссан” гээд ойшоогоогүй гэнэ. Байр нь асуудалтайг эртнээс гадарласан зарим нь бусдад худалдах, түрээслүүлэх зэргээр ашиглаж, харин боломжгүй иргэд нь тэндээ амьдрахаас өөр сонголтгүй болсон гэх. Тэд барилгын компанид газраа, байраа худалдах санал тавьсан ч ашиггүй, давчуу байршлаас нь болоод тоодоггүй гэж тайлбарлалаа.
Тус байрны дээврийн хэсэг
Гурван айлд орлоо. Өрөө болгоны булан тохой харлаж, мөөгөнцөртжээ. Ялангуяа тагт, цонх хэсэг нь чийгт идэгдэж, халцарч, үзэмжгүй болсон байв. Зарим айлын тааз, хана нь энд тэндээ замаск, будагтай. Өө сэвийг нь дарах гэж энэ мэтээр жил болгон засвар хийж, эдийн засгаараа хохирдог байна. Зургаан давхарт байх шатаар дамжин байрны дээвэр хэсэгт гарвал модон краказ, цахилгааны утас ил байх аж. Гал гарвал жинхэнэ аюул дагуулах нөхцөл “бүрдүүлжээ”.
Тус сууц ашиглалтад орсон үеэс амьдарч буй иргэн Э “Өвөл маш хүйтэн. Бага насны хүүхэдтэй болохоор их зутардаг. Засвар хийгээд, арай дөнгүүр болгочихоод байгаа нь энэ. Булан тохойгоосоо эхлээд мөөгөнцөртөөд, обой нь хууларч байна. Тухайн үед ам метрийг нь 250 ам.доллароор авсан. Тэр үеийнхээ ханшаар бага үнэлгээ биш шүү дээ. Одоо байр маань үл хөдлөх хөрөнгө гэхэд хэцүү боллоо” гэсэн юм. Харин байр түрээслэн амьдардаг Б “Гэрт орж ирэхэд л хөгц үнэртэж байгаа биз. Хөгц, мөөгөнцөртэй орчин эрүүл мэндэд ямар аюултай билээ. Энэ байрныхан эрүүл мэндээрээ хохирч байна” гэв.
Оршин суугчдаас ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан тус сууцын бодит байдалтай танилцаад муу дүн тавьжээ. Тодруулбал, хүн амьдрахад зохимжгүй, эрүүл ахуйн стандарт, шаардлага хангахгүй гэж үнэлсэн байна. Улсын байцаагчийн дүгнэлтэд “Тус сууцын ашиглалт, хамгаалалт, дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээг хариуцах эзэнгүй (СӨХ-гүй), 14, 17, 18, 19, 20, 21 тоот айлуудын тааз, хананд хар ногоон хөгц ургасан, агааржуулалтын систем хангалтгүй, техникийн давхар дахь шугам гэмтсэнээс бохир нь хальсан. Үүссэн нөхцөл нь Ариун цэврийн тухай хуулийн “Орон сууц, нийтийн үйлчилгээний барилга, байгууламж нь хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй, ариун цэврийн стандарт, эрүүл ахуйн зохистой хэм хэмжээг хангасан байна” гэсэн заалтыг зөрчсөн” гэжээ. Оршин суугчид үе үеийн хотын даргаас эхлээд холбогдох байгууллагад удаа дараа хандсан ч “Шийднэ, тусална” гэж хэлэхээс дорвитой шийдэлд хүрэлгүй өнөөдөртэй золгожээ.
Ус нэвчиж, ийн мөөгөнцөртжээ
Нэгэнт мэргэжлийн хяналтынхан тус сууцыг эрүүл ахуйн шаардлага хангахгүй гэж үнэлсэн атал холбогдох байгууллагууд яагаад арга хэмжээ авахгүй байна вэ. Энэ талаар МХЕГ-ынхнаас тодруулахад “Тухайн сууцыг ашиглалтад оруулсан эхний гурван жилд барилгын компани хариуцдаг. Харин үүнээс хойш ашиглалт, арчилгаатай холбоотой асуудлыг СӨХ нь хариуцна. Ямар нэг асуудал үүслээ гэхэд оршин суугчид СӨХ-нд хандаж, тэднээр дамжуулан шийдүүлдэг. Харин анхнаасаа СӨХ байгуулаагүй тохиолдолд оршин суугчид нь хариуцна. Тодруулбал, иргэн Д-ийн байрны тааз усанд автаж, нурсан бол тухайн айлд л хамаатай асуудал. Харин нийтийн эзэмшлийн гэгддэг шат, хонгил зэрэгт эвдрэл, гэмтэл үүссэн тохиолдолд оршин суугчдад бүгдэд хамаатай. Тиймээс дундаасаа мөнгө “гаргах” байдлаар шийдэх гарц бий. Гэхдээ энэ нь СӨХ-гүй, барилгын чанарын баталгаат хугацаа дууссан тохиолдолд гэдгийг анхаараарай” гэв.
145 дугаар байрны дээд буюу зургадугаар давхарт оршин суудаг өндөр настан Ч.Зүмбэтэй цөөн хором ярилцсан юм.
Ч.ЗҮМБЭ: МАНАЙ ТАГТ ӨНӨӨ МАРГААШГҮЙ НУРАХАД БЭЛЭН
-Хамгийн дээд давхарт амьдардаг учраас танайх бусад айлаас хүнд нөхцөлд байх шиг ажиглагдлаа.
-Манай тагт, цонх баруун зүг рүү харсан, салхи шуурга, бороо, шороо тоссон байрлалтай учраас их хэцүү. Тагтыг нь анхнаасаа хазгай барьсан юм билээ. 2004 онд тэтгэврийн зээл авч, тагтандаа шилэн хаалт хийлгээд ч нэмэр болсонгүй. Бетон дээврээр нь ус нэвтэрч, гоождог. Өнөө маргаашгүй унахад бэлэн болсон. Дээврийн ус хана руу нэвчсэнээс гал тогооны өрөөний тоосгонууд сугарч, нурах эрсдэлтэй байгаа.
-Та оршин суугчдаа төлөөлж, энэ асуудлаар олон байгууллагад хандсан гэсэн. Ямар хариу өгч байх юм?
-Цар тахал гарсан энэ хэцүү цаг үед ч би хотын дарга асан С.Амарсайхан, одоо ажиллаж буй Ж.Батбаясгалан нарт хандсан. Ядарч туйлдталаа явлаа. “Шийдвэрлэнэ, шилжүүлнэ” гэж хоосон, худал хариу тэднээс 20 гаруй удаа авсан. Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд, Шадар сайд хүртэл энэ асуудлаар хотын дарга нарт үүрэг өгч, албан бичиг илгээсэн удаатай. Гэвч ер тоохгүй юм. Бүх асуудлыг тусгасан өргөдөл бичиж, НОСК-ын даргад биечлэн өгтөл “Уншихгүй” гэсэн.
-Танай байр анхнаасаа СӨХ-гүй нь нөхцөл байдал хүндрэх шалтгаан болжээ дээ?
-Айлууд албадан СӨХ байгуулах хууль, эрх зүй байхгүй гэсэн. Энэ сууцыг барьсан стандарт, жижүүрийн болон ариун цэврийн өрөөг шийдээгүй, цэвэрлэгээ хийх усгүй зэргээс хамаараад СӨХ байгуулах боломжгүй юм билээ. Гэхдээ ашиглалтад оруулаад 20 жил болсон сууцын дээврийг СӨХ-той, СӨХ-гүй сольж болно шүү дээ.