Хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Байгаль орчны газрынхан хотын ногоон бүсэд шалгалт хийж буй. Болц нь гүйцээгүй, давирхайтай самар түүх, хушийг мунаар цохиж, гэмтээх зөрчил буурахгүй байгааг мэргэжилтнүүд хэлэв. Түүнчлэн зэрлэг сонгины үр нь унаагүй байхад түүж, худалдах зөрчил ихэсжээ. Нийслэлийн Байгаль орчны газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Н.Тамир “Уулын зэрлэг сонгино зургадугаар сарын сүүлчээр цэцэглэж, наймдугаар сарын эхээр ааг нь гүйцэж, үрээ хаядаг. Гэтэл ашиг хонжоо олох зорилготой иргэд үрээ унагаагүй сонгиныг их хэмжээгээр түүж, худалдах боллоо. Үүний нөлөөгөөр сонгино гүйцэд урган, төлжих нөхцөл хязгаарлагдаж, нөөц нь хомсдож байна” гэв.