
Өнөөдөр УОК-ын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Энэ сард нэмэлтээр Хонг Конг улс руу транзит нислэг үйлдэхээр боллоо. Одоо тус нислэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн мэдээллийг бүртгэх үйл ажиллагаа явагдаж байна. Энэ нислэгээр дамжуулж хэд, хэдэн оронд гацсан иргэдээ нэг дор татна. Тухайлбал Малайз, Тайвань, Тайланд зэрэг орнууд. Цаашид ер энэ чиглэлийн нислэгийг үйлдэж байх боломжит хэлэлцээрийг Хонг Конгийн талтай хийсэн.
Мөн сүүлийн үед тусгай үүргийн нислэгтэй холбоотой авилгал өгсөн, авсан гэх асуудал яригдаж байна. Яг үнэндээ саяхнаас ч бус, тав, зургадугаар сард л яригдаж байсан асуудал. Авилга авсан, өгсөн гээд шалгагдаад нотлогдсон зүйл одоогийн байдлаар алга байна. Бид харин ч уриалж байгаа. Энэ завшааныг ашиглан дахиад ч уриалъя. Хэрэв үнэхээр ийм асуудал танд болон таны эргэн тойронд тохиолдсон бол хууль хяналтын байгууллагад мэдэгдэж шалгуулаач, хариуцлага тооцох боломжийг нь олгооч” гэж хэлэв.