
Чөлөөлөх дайны 75 жилийн түүхэн ойд зориулан урьд өмнө нь нийтэд огт дэлгэж байгаагүй, архивын хосгүй үнэт
ховор үзмэрүүдийг дэлгэхээр болжээ.
Тодруулбал, Россотрудничество агентлаг Чөлөөлөх дайны 75 жилийн түүхэн ойн хүрээнд Дэлхийн II дайны төгсгөл: Чөлөөлөх дайнд Зөвлөлт, Монголын хамтын ажиллагаа, Аугаа их эх орны дайны он жилүүдэд Монголын ард түмний Зөвлөлтийн ард түмэн, Улаан армид үзүүлсэн түүхэн тусламж, сэтгэл санааны асар их дэмийг дахин сануулах зорилгоор урьд өмнө нь нийтэд огт дэлгэж байгаагүй, архивын хосгүй үнэт, нэн ховор баримт, гэрэл зураг, дуу дүрс бичлэг, эд өлгийн үзмэрийг эх хувиар нь дэлгэсэн цогц үзэсгэлэнг Оросын шинжлэх ухаан соёлын төв (РЦНК)-д дэлгэхээр болсон байна.
Дээрх үзэсгэлэнг дэлхийн 81 улсад 98 төлөөлөгчийн газартай Россотрудничество агентлагийн Оросын шинжлэх ухаан, соёлын 74 төвөөр дамжуулан цахимаар олон улсын үзэгчдэд хүргэх юм байна.
Чөлөөлөх дайны түүхэн ойн арга хэмжээний хамгийн чухал хэсэг болох уг арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн хамгийн анхны хуралдаан өчигдөр болж өнгөрлөв.
ОХУ-ын Холбооны гүйцэтгэх засаглалын Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газраас санаачлан Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран “Дэлхийн II дайны төгсгөл: Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг есдүгээр сарын 2-нд цахимаар зохион байгуулахаар болжээ.