
Татварын ерөнхий газраас НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор цахим төлбөрийн "QR" цахим баримтыг гаргажээ. Энэ талаар Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал хэлэхдээ "Монголын татварын алба" болон "Гааль татвар, санхүү мэдээллийн төв" хамтран төлбөрийн баримтыг бүх нийтээрээ олгодог болгох хялбар шйидлийг нэвтрүүлж байна.
Тухайлбал, төлбөрийн баримт олгоход тодорхой хэмжээний дэд бүтэц, зай талбай шаарддаг, мөн бичил бизнес эрхлэгчидэд төлбөрийн баримт олгох зардал нь хүндрэлтэй зэрэг шалтгаанаар төлбөрийн баримт олгохгүй байх тохиолдол цөөнгүй гардаг. Тэр ч утгаараа энэхүү асуудлыг шийдэх цахим төлбөрийн "QR" баримтыг гаргаад байгаа юм.
Энэхүү цахим баримт нь тухайн худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн ажлын байран дээр байх татвар төлөгчийн мэдээлэл бүхий "QR" кодыг уншуулснаар төлбөр баримт үүсгэх цонх гарч ирсний дагуу худалдан авагч хүсэлт явуулан худалдагч баталгаажуулснаар үүснэ.
Мөн баримтыг зориулалтын пост машин хэрэглэх боломжгүй татвар төлөгчид ашиглан иргэдэд төлбөрийн баримт олгоно. Тодруулбал, өдөр цөөн тооны гүйлгээ хийдэг,пос машин байршуулах зай талбай байхгүй, тог цахилгаанд холбогдоогүй гэх мэт олон шалтгаанаар иргэдэд и-баримт өгч чаддаггүй татвар төлөгчид түлхүү ашиглах боломжтой" гэлээ.
Түүнчлэн Монголын татварын албанаас эхний ээлжид лангуу түрээслэгч, жижиг үйлчилгээний бизнес эрхлэгчид болох 17 мянга гаруй татвар төлөгчид мэдээлэл бүхий QR кодыг байршуулах юм. Харин есдүгээр сараас эхлэн худалдаа үйлчилгээ хийсэн газруудад тус кодыг и-баримт аппликэйшн камераар уншуулан "и-баримт үүсгэх" гэсэн товч дээр дарснаар хувь хүн эсвэл байгууллага дээрээ "Цахим төлбөрийн QR" баримт үүсгэх аж.
Харин үүсгэсэн цахим төлбөрийн баримтыг борлуулагч шалган и-баримт аппликэйшн эсвэл /invoice.ebarimt.mn/ дамжуулан баталгаажуулалт хийснээр төлбөрийн баримт иргэдэд автоматаар бүртгэгдэх аж. QR кодыг ашиглах зааврыг Монголын татварыг алба, и-баримт гэсэн фэйсбүүк хуудас болон www.mta.mn сайтад байршуулсан байна.
Ташрамд дурдахад, НӨАТ-ын хуулийг сайжруулах зорилгоор 2016 онд и-баримтыг нэвтрүүлсэн. Тэр ч утгаараа уг хуулийн хэрэгжилт жилээс жилд сайжирсан үзүүлэлттэй байгаа юм. Тухайлбал, хэрэглэгчдийн тоо 595,1 мянга байсан бол энэ оны зургадугаар сарын байдлаар 1,4 сая хэрэглэгчтэй болжээ. Харин баримт хэвлэх цэгийн тоо өнөөдрийн байдлаар 191,3 мянга болж өссөн үзүүлэлттэй байна. Мөн энэ хугацаанд иргэдийн санал гомдлыг 96 хувьтай шийдвэрлэсэн гэнэ.