
НӨАТ-ын урамшууллын систем, сугалааны талаар Татварын ерөнхий газраас мэдээлэл өглөө. Энэ үеэр Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал хэлэхдээ "Татвар төлөлтийн урамшууллын энэ систем анх 2016 онд хэрэгжиж эхлэхэд 86 мянган иргэнд 4 тэрбум төгрөгийн сугалааны урамшуулал олгожээ. Тодруулбал, өнгөрсөн онд 322 мянган иргэн 18 тэрбум төгрөгийг сугалааны урамшууллаар хожсон байна.
Харин энэ оны эхний зургаан сарын байдлаар 160 мянган иргэн найман тэрбум төгрөгийн сугалааны урамшуулал авчээ. Тус сугалааны урамшууллыг явуулж буй нь НӨАТ төлөгчийн тоог өсгөх зорилготой юм. Мөн жилийн борлуулалтын орлого 50 сая төгрөгөөс дээш ААН-үүд нь автоматаар НӨАТ төлөгчөөр бүртгэгдэж, ингэснээр худалдан авагч иргэд, хэрэглэгч нар худалдан авалтынхаа хоёр хувийг дахин авах боломжтой" гэлээ.
Үргэлжлүүлэн тэрбээр "НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой гарч буй хүндрэл бэрхшээл нь уг татварын баримтыг олгодоггүй байдал юм. Татварын албаны зүгээс бизнес эрхлэгч талд шаардлага тавьж ажилладаг. Тэр ч утгаараа худалдан авагч талаас баримт өгөхгүй, баталгаажихгүй, худлаа баримт өгч байна гэх зэрэг гомдол цөөнгүй гардаг.
Тухайлбал, цахимаар 7600 гомдол хүлээж авсан. Тиймээс татварын байгууллагаас дээрх байдлыг технологийн бас нэг шийдлээр өөрчилж, НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор цахим төлбөрийн "QR" баримт үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ. Хэрэв тухайн бизнес эрхлэгч байгууллага тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авна" гэсэн юм.