Баянзүрх дүүргийн II, XXVII хороо Дарь-Эхийн гудамжны 3.3 км авто замыг өнгөрсөн сарын 27-ноос хаан, засаж эхэлсэн. Эл замыг уг нь энэ сарын 10-нд нээх ёстой байсан ч ажлын явцад хөрс солих шаардлага үүсэж, ашиглалтад оруулах хугацаа нь хойшилжээ. Замын ажил 56 хувьтай, одоогоор буталсан чулуун суурь тавьж байгаа гэнэ. Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж, авто замын ачаалал нэмэгдсэн тул есдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа дуусгаж, зорчих хэсгийг нээх үүргийг нийслэлийн ЗДТГ-аас гүйцэтгэгч компанийнханд өгсөн байна. Замын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Зэстхөлөг” компанийнхан ажиллаж буй бөгөөд энэ сарын 27 гэхэд зорчих хэсгийг нээхээр болжээ. Эхний ээлжид замын ажлаа дуусгаж нээгээд, дараа нь буюу ирэх сарын 30 хүртэлх хугацаанд явган хүний зам, ус зайлуулах шугам сүлжээ, гэрэлтүүлэг зэргийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр шийдэх аж. Дарь-Эхийн зам үерт их автдаг учраас ус зайлуулах шугам сүлжээ, байгууламжийг сайжруулж байгаа гэнэ.
Бэлтгэсэн: Ч.Зул