
Өнөөдөр Барилгын хөгжлийн төвд "Барилга орон сууц 2020" үзэсгэлэн яармагийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Барилгын хөгжлийн төвийн дэд захирал Б.Ганбат хэлэхдээ" Улаанбаатар хотод нийт 440 орон сууцны төсөл хэрэгжиж байна. Үүнээс 310 төсөл буюу 32,500 айлын орон сууцандаа захиалга авч борлуулж эхэллээ.
Мөн энэ жил Засгийн газраас ипотекийн зээл 60 тэр бум, Монгол банк, арилжааны банкнаас нийт 240 тэрбум төгрөгийг олгохоор болж, иргэдийн орон сууцны хангамжийг сайжруулах нөхцөл бүрдсэн. Түүнчлэн шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний 94 жилийн ойн баярыг тохиолдуулан "Барилга Орон сууц 2020" үзэсгэлэн зохион явуулахаар боллоо.
Энэхүү үзэсгэлэнгийн хүрээнд яармагт барилгын салбарын шилдэг ААН байгууллагууд оролцож захиалга авч байгаа шинэ орон сууцны төслүүд, зах зээлд нэвтэрч байгаа шинэ материал, дэвшилтэт технологийг олон нийтэд танилцуулах юм.
Үзэсгэлэнд 120 гаруй компани оролцох бөгөөд тус үзэсгэлэн "Ногоон хөгжлийг хамтдаа бүтээе" уриан дор явагдана. Мөн үзэсгэлэнгийн өдрүүдэд Төрөөс барилгын салбарт баримталж буй бодлого, дэвшилтэд техник технологи, Амины орон сууцны, эрчим хүчний хэмнэлт, Хувийн байшингийн халаалт, халуун ус, бохирын шийдэл зэрэг танилцуулах сургалт семинарууд болно. Үзэсгэлэн яармагийн ерөнхий зохион байгуулагчаар Барилга.МН, хамтран зохион байгуулагчаар Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв ажиллаж, ивээн тэтгэгчээр "Хан төгөл" хотхон, "Цемент шохой" ХХК ажилласан юм. Үзэсгэлэнгийн нээлт 2020.0821-нд 12:00 цагт "Мишээл экспо" төвд болно" гэв.