
Архангай аймгийн Өлзийт сумын нутагт Орхон голын хойд биед, Харганатын хөндий гэх газар хуучин тариан талбайн дунд эртний нэгэн хотын туурь байсныг 2017 онд Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхимийн багш Т.Идэрхангай агаарын зургийн хайгуулаар анх нээн илрүүлжээ. Ингээд 2018, 2019, 2020 онд тус газарт археологийн тандалт судалгааг явуулж “Тэнгэрийн хүү Шаньюй” гэсэн бичиг бүхий барилгын нүүр ваарыг түүврээр илрүүлэн олж баримтжуулалтын ажлыг гүйцэтгэжээ.
2020 оны зун анхны малтлага судалгааг явуулж Хүннүгийн хааны зуны орд тэр дундаа, түүхэн эх сурвалжид нэр гардаг Лунчен буюу Луут хот мөн болох талаар анхны таамгийг дэвшүүлээд байна.
Энэхүү хотын туурь нь 550х550 метр хэмжээтэй давхар хэрэмтэй, хэрэмний төв хэсэгт 250х210 метр хэмжээтэй саравчит хашаатай, саравчит хашааны төв хэсэгт хоёр том ордны суурь, мөн урд талын саравчит хашааны баруун урд хэсэгт нэг том ордны суурьтай ажээ. Түүнчлэн саравчит хашааны хойд, зүүн урд болон баруун талд илэрхий мэдэгдэх хаалгатай бөгөөд хаалга тус бүрээс төв хэсэгт орших хоёр ордон руу холбосон замтай. Мөн тус ордны баруун урд хэсэгт, түүний 4/1-т хүний гараар бүтээсэн усан сантай байгаа нь зориуд төлөвлөж байгуулсан тансаг ордон байсныг гэрчилнэ.
Монгол эрдэмтэн, археологичид бие даан өөрийн хөрөнгөөр түүхийн хосгүй үнэт олдвор олсны нэг том тохиолдол нь энэхүү Луут хотыг нээн илрүүлсэн явдал болж байна. Цаашид хотын туурийг нэн тэргүүнд улсын хамгаалалтад авч хашаалж, бүрэн малтаж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож, хотын эх загварын үзүүлэнг жижигрүүлсэн хэлбэрээр хийх, жуулчдад хотын туурийг бүхэлд нь дээрээс нь харж болох шилэн хорготой болгох зэргээр иж бүрэн судалгааны ажлыг Монгол Улсын Шинжлэх ухааны салбарынхантайгаа бие даан хийх хүсэлтэй байгаагаа судлаачид хэллээ.
