
БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны дунд сургуулиудад монгол хэлний хичээлүүдийг зогсоож, хятад хэлээр зааж эхлэх шийдвэр гаргасан. Үүнээс болж Өвөр Монгол хүүхдүүд, хичээлдээ явж чадахгүй, тус улсын Засгийн газрын дарамт шахалтанд ороод буй талаар хэвлэлүүд мэдээлсээр байгаа билээ.
Тэр ч утгаараа бид бас Өвөр Монгол ахан дүүсийнхээ төлөө нэгдэн дуу хоолойгоо өргөсөөр байгаа. Тухайлбал, энэ сарын эхээр МУИС-ын сургуулийн багш эрдэмтэд, номын зохиогч нар нэгдэн "Эх хэлнийхээ төлөө тэмцье" хэмээн жагссан. Мөн ардын уран зохиолч Д.Урианхай НҮБ-д эх хэлнийхээ асуудлаар захидал илгээсэн зэрэг тэмцлийг бид өрнүүлсээр байна. Үүний үргэлжлэл болж өнөөдөр Сүхбаатарын талбай дээр хөдөө орон нутгийн иргэд болон нийслэлийн иргэд, төрийн бус байгууллагууд сайн дураараа нэгдэн "Босоо Монгол бичгээ хамгаалъя" жагсаал хийж байна.

Энэ үеэр жагсаалд оролцогчид "Монгол хэлийг устгах бодлого бол Монгол хүнийг устгах бодлого. Хэл үгүй бол улс үгүй. Бид өнөөдөр эх орон, эх хэлнийхээ төлөө дуугарах цаг болжээ. Цахим хуудсаар дүүрэн Өвөр Монгол хүүхдүүд уйлсан. Эх хэлээ сурахыг хүссэн бичлэгүүд явж байна. Үүнийг үзээд тайван суух арга алга. Одоо цахим хуудсаар харж байгаа хүмүүс байвал энд ирж нэгдээрэй. Бүгдээрээ хамт Монгол хэл, бичгийнхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэцгээе" хэмээн уриалсан юм.
Мөн жагсаалд "Монгол хэлээ аваръя" гэсэн модны зурагтай, дор нь Монгол Улсын газрын зураг хайчлагдаж байгаа зурагт хулдаас барьсан нь сонирхол татаж байсан юм. Энэ талаар Дорноговь аймгийн иргэн Б.Хөхөө хэлэхдээ "Дорноговь аймгаас 430 километрийн цаанаас энэхүү зураг хуудсыг бэлдэж ирлээ. Монгол үндэстнийхээ хэл соёлыг хамгаална гэдгээ илэрхийлж байгаа юм. Бид бол нэг эхтэй, нэг соёлтой, нэг хэлтэй үндэстэн. Гэтэл өнөөдөр Өвөр Монголчууд маань газар нутгаа өгсөн. Одоо түүх, соёлоо устгуулж байна. Энэ бол байж боломгүй зүйл.

Аливаа модны үндсийг тасдаж гэмтээвэл, модны мөчир үхдэг. Үүнтэй адил эх хэл, бичгийг устгавал улс үндэстэн устана л гэсэн үг. Монгол бичгийн соёлыг өнөөдөр Өвөр Монголчууд л сахин хамгаалдаг. БНХАУ Өвөр Монголчуудын хэл, соёлыг устгачхаад, дахин Монгол Улс болон Чингис хааны голомт руу давхин орж ирж байна. Энэ хайчилж байгаа зураг бол Уйгар, Халимаг, Тува зэрэг хэлнүүдийг бүгдийг нь хайчлаад, тасдаад ирсэн гэсэн утгыг илтгэж байгаа юм. Одоо тэгээд Өвөр Монгол, Ар Монгол гэж ороод ирж байгаа нь үнэхээр харамсалтай. Тиймээс Монголчууддаа хандаж хэлэхэд эх түүхээ сайн унш, хэл соёлоо сайн судлах хэрэгтэй. Тэгж байж л бид хэл соёлоо хамгаалж үлдэнэ" гэсэн юм.