
Манай улс “Ковид-19”-өөс сэргийлэх хорио цээрийн дэглэмээ өнгөрсөн сарын 15-наас сулруулж, дотооддоо ямар нэгэн хязгаарлалт, хөл хорио мөрдөхөө больсон билээ. Үүний дагуу баар, цэнгээний газрууд үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн. Гэхдээ тэдгээрт халдвар хамгааллын дэглэм зайлшгүй мөрдөх шаардлагатайг албаныхан анхааруулсан юм. Үүний дагуу баар, цэнгээний газрууд коронавируст халдвараас хэрхэн сэргийлж буйг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан шалгасан байна. Тус газрын улсын ахлах байцаагч Б.Хонгор “Нийслэлд согтууруулах ундаагаар үйлчилдэг ресторан 1021, кафе 225, баар 945 бий. Хяналт, шалгалтын явцад зөрчилтэй 21 аж ахуйн нэгж, гурван иргэнд торгууль ногдуулж, зургаан аж ахуйн нэгжид албан шаардлага хүргүүлсэн. Стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд, халдвар хамгааллын дэглэм баримтлалгүй үйл ажиллагаа явуулж байсан цэнгээний зургаан газрын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүллээ” хэмээсэн. 58 баар, цэнгээний газар мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэснийг уг хяналт, шалгалтын явцад тогтоожээ. Мөн 48 баар ажилчдын биеийн халууныг тогтмол үзэж хэвшин, зохих журмын дагуу үйл ажиллагаа явуулж байсан гэнэ. Харин Баянзүрх дүүрэг дэх “Bananа”, “S13”, “Venus”, Сонгинохайрхан дахь “Best disco”, “Rich disco” зэрэг баар, цэнгээний газар цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авалгүйгээр үйл ажиллагаа явуулж байжээ.