
Өнгөрсөн есдүгээр сарын 29-нд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт уран олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй "Бадрах Энержи" буюу хуучнаар Арева компанийг эсэргүүцсэн иргэд Захиргааны хэргийн шүүхийн гадаа зургаан хөлтэй ямаа авчирч олон нийтэд үзүүлсэн. Тус ямааг цацрагт хордсоны улмаас зургаан хөлтэй болж мутацид орсон гэж иргэний нийгмийн байгууллагынхан тайлбарласан.
Тэгвэл дээрх мэдээллийн дагуу Мал эмнэлгийн ерөнхий газраас Дорноговь аймаг руу шинжилгээний баг гарчээ. Тус багийнхан “Бадрах Энержи” компанийн орчимд газраас 296 дээж авсан байна. Шинжилгээний хариуны дүгнэлтийг өнөөдөр Төрийн ордонд танилцууллаа.
“Тухайн бүсэд эрдэсжсэн уран их байдаг. Тиймээс ураны цацрагийн хэмжээ зарим цэг дээр их байдаг. Гэвч тэр цэгээс 10-100 метр холдоход цацраг байгалийн хэмжээндээ очиж буурдаг. Иймээс иргэд, малын эрүүл мэндэд нөлөөлөхүйц нөхцөл байдал үүсээгүй. Улаанбадрах, Зүүнбаян сумын өвчлөлийн хэмжээ аймгийн дундажтай адил байна. Цацраг идэвхт бодисын хордлогод өртсөн тохиолдол илрээгүй. Иргэдийг бодит мэдээллээр хангах шаардлагатай” гэжээ.