
Монголын нэгдсэн хөдөлгөөнөөс Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа бохир уснаас тогтсон хиймэл нууранд хийсэн лабораторийн шинжилгээгээр мод, устай холбоотой ноцтой дүгнэлт гарсан талаар мэдээлэл хийлээ.
Уг дүгнэлтээр одоогоор 10 га газар бохирдоод байгаа бөгөөд тус бохирдлоос болж Туул голын 40 ширхэг мод үхсэн. Шаардлага тавихад тэдгээр моддыг тайрч устгаад байгаа. Биохимийн бохирдол нь 27% ихэссэн. Химийн хорт бодис 6,6%, азотын хийн хор хоёр дахин ихэссэн гэж гарчээ.
Энэ талаар Монголын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Д.Лхвагадорж хэлэхдээ " БОАЖЯ, СХД-ийн Засаг дарга, Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд тухайн асуудлыг шийдэж өгөхийг удаа дараа хүсэхэд өнөөдрийг хүртэл ямар ч хариу өгөөгүй тул Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандсан. Сайдад хандсанаар НМХЕГ-аас өчигдөр нуурт шалгалт явуулж энэ сарын 16-нд бохир нуурыг цэвэрлэж өгөх нааштай хариуг өгөөд байна. Мөн төв цэвэрлэх байгууламжийн бохирын шугам задарч Туул гол руу бохир ус нь цутгасан. Ингэснээр Төв аймгийн хоёр сум руу хорт бодистой ус урсаж, тус голоос ундаалж байгаа мал амьтан хордох аюул нүүрлээд байгааг мэргэжлийн байгууллагынхан тогтоогоод байна. Иймд энэ асуудал дээр анхаарал хандуулж, эрчимтэй хандахыг холбогдох албаныхнаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүсэж байгаа юм" гэлээ.