
Өнөөдрийн/2020.10.07/ Засгийн газрын хуралдаанаар Үндэсний Геологийн албаны дэд даргаар Б.Уянгыг томилсон байна.
Б.Уянга нь 1986 онд төрсөн. ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийг “Геологийн зураглал” мэргэжлээр төгссөн. Тэрээр үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаад 2010-2016 оны хооронд АНУ-ын Харвардын их сургуулийн Дэлхий Гараг судлалын тэнхимд Төв Азийн геологи, тектоникийн асуудлаар Докторын зэрэг хамгаалжээ.
2019 оныг хүртэл Японы Токиогийн их сургуульд Хөвсгөл, Тува-Монголын орчмын эртний геологийн тогтцын судалгааг докторын дараах судалгааны төслийн дагуу хийж гүйцэтгэж байгаад эх орондоо ирж суурьшсан удам дамжсан геологич.
Мөн АНУ болон Японд суралцаж, судалгаа хийж байх хугацаандаа АНУ-гийн Геологийн Алба, Японы Геологийн Албадад ажиллаж, судалгаа хийж байсан туршлагатай. Геологийн суурь судалгааны үр дүнгээ олон улсын, чансаа өндөртэй сэтгүүлүүдэд тогтмол хэвлүүлдэг эрдэмтэн ба Америкийн Геофизикийн холбоо, АНУ болон Японы геологийн холбоод, Японы геологи судалгааны нийгэмлэгийн гишүүн юм байна.