
Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт бичил уурхайн улмаас ухагдаж эвдэгдсэн 1 га талбай дахь ам цооногуудад “Амгалан” дулааны цахилгаан станцаас гарсан 180 м3 үнсийг дүүргэгч материал болгон загвар нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэлээ.
Энэ ажлыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Цээцээ импекс” ХХК, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Мерсу” ХХК, “Ти ти эй эм энержи” ХХК-иудын 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан хөрөнгөөр нийслэлийн Байгаль орчны газар болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хамтран баталсан “Дүйцүүлэн хамгааллын хүрээнд аж ахуйн нэгжүүдийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжүүлэх ажил”-ын төлөвлөгөөний дагуу газрын хэвлийн мэргэжлийн байгууллагын эрх бүхий “Эм ди юу” ХХК хийж гүйцэтгэсэн байна.
Нийслэлийн эрчим хүчний болон дулааны хэрэглээ тасралтгүй нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээнээс их хэмжээний үнс ялгарч орчныг бохирдуулж байгаа бөгөөд үнсийг дахин боловсруулах, хоёрдогч түүхий эд гарган авах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах онцгой шаардлага тулгарч байна.